АНУ-ын их сургуулиудын тэтгэлгийн шаардлага

Ямар шалгуурыг хангаж байж АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэй сурдаг талаар ерөнхий ойлголт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэлээ. АНУ-ын Боловсролын Статистикийн Үндэсний төвөөс /NSEC/ 2018 онд гаргасан судалгаагаар Америкт нийтдээ 4298 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудын элсэлтийн шаардлага, тэтгэлгийн шалгуур харилцан адилгүй ч дараах нийтлэг шаардлагыг олон улсын оюутнуудад тавьдаг. Зарим сургуулиудын тэтгэлгийн сонгон шалгаруулалт элсэлтийн үйл ажиллагаатай зэрэг явагддаг. Өөрөөр хэлбэл та сургуульд элсэн суралцах хүсэлт гаргаж, бичиг баримтуудаа явуулахад таны материалыг автоматаар тэтгэлгийн хороонд илгээдэг гэсэн үг. Ингээд нийт элсэгчдээс хэлний оноо, элсэлтийн шалгалтын оноогоороо хамгийн дээгүүрт орсон сурагчдад тэтгэлэг олгогдоно. Зарим сургуулиудад тэтгэлгийн сонгон шалгаруулалт элсэлтийн ажлаас тусдаа явагдах ба тэтгэлгийн өргөдөл, бүрдүүлэх материалыг тусад нь бэлтгэж илгээдэг. Иймд сургуульдаа өргөдөл гаргахаас өмнө тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагддагийг судлаарай. За ингээд тавигдах нийтлэг шалгуурыг авч үзье.

АНГЛИ ХЭЛНИЙ ШААРДЛАГА

Гадаад оюутнуудын хувьд хамгийн эхэнд тавигддаг шалгуур бол Англи хэл дээр хичээлээ бүрэн ойлгох чадамжтай гэдгээ нотлон харуулах. Англи хэлний чадамжийг тодорхойлдог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн төрлийн шалгалт бий. Үүнээс хамгийн түгээмэл, ихэнх их дээд сургуулийн элсэлтийн шалгуурт зааж өгсөн шалгалт нь бидний сайн мэдэх IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foriegn Language/ юм. Эдгээр шалгалтууд нь Англи хэл дээр унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн ур чадварыг үнэлж, нэгтгэсэн оноо байдлаар түвшинг нь харуулдаг. Сургууль, мэргэжил бүрт шаарддаг оноо нь харилцан адилгүй ч дунджаар IELTS 5.5 оноо, TOEFL iBT 60 гэсэн онооны шаардлагыг хангасан байхад ихэнх бакалаврын хөтөлбөрт тэнцэх боломжтой. Хэрэв эдгээр дундаж онооноос өндөр байвал тэтгэлэг авах магадлал төдий чинээ ихэснэ гэсэн үг. 

SAT ШАЛГАЛТЫН ОНОО

Монгол Улсад ЭЕШ буюу элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор их дээд сургуульд элсэж ордог бол Америкийн их дээд сургууль, коллежиуд SAT /Scholastic Assessment Test/ Сурах чадамжийн үнэлгээний тестээр шалгаруулдаг. SAT шалгалт нь 4 хэсгээс бүрдэх бөгөөд Унших, Бичих, Хэл, Математик гэсэн хэсгээс бүрдэнэ. Нэмэлтээр эссэ бичиж болно. Унших хэсэгт нийтлэлтэй холбоотой 52 асуулт ирэх бөгөөд 65 минутанд хэд хэдэн сонголттой тест бөглөнө. Бичих болон Хэлний хэсэгт 44 тестийн асуулт ирэх бөгөөд 35 минутанд хийх ёстой. Математикийн хэсэг нь 58 бодлогоос бүрдэх бөгөөд 80 минутанд гүйцэтгэх ёстой. Онооны хувьд хамгийн доод оноо 400, дээд оноо 1600 байна. SAT шалгалтын оноо шаарддаггүй сургуулиуд олон бий. Гэхдээ тэтгэлэг авъя л гэвэл энэ шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай. Америкийн их дээд сургууль, коллежиудын шаарддаг SAT оноо харилцан адилгүй ч U.S. News and World Report байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар Америкийн ТОП 30 сургуулийн дундаж SAT оноо 1315-1540 онооны хооронд байжээ. Топ сургуулиуд элсэлтийн ерөнхий шаардлага дээрээ тэдэн оноо гэж шаардахгүй мөртлөө манай сургуулийн дундаж оноо ийм байдаг гэж вэбсайт дээрээ тавьсан байх нь бий. Өөрөөр хэлбэл SAT онооноос гадна чухал шаардлага бий. Дараагийн ээлжинд энэ чухал шаардлага юу юм бэ гэдгийг авч үзье.

МАНЛАЙЛАЛ, НИЙГМИЙН ОРОЛЦОО

Тэтгэлгийн хамгийн чухал шаардлага бол Манлайлал, Нийгмийн оролцоо. Сурагч та өөрийн эргэн тойрон, нийгэмд тулгарч буй асуудлуудад хэрхэн гар бие оролцож байсан бэ? Асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар санал, санаачлага гарган хэрэгжүүлж байсан бэ? Хамрах хүрээ, хийгдсэн ажлууд их ч бай, бага ч бай таны санаачилж хэрэгжүүлсэн ажил болгон тэтгэлэг авахад нэг алхам ойртуулах болно. Манай Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хувьд хүүхэд залуучуудыг боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд сайн дурын ажилтнаар ажиллуулахаас гадна бүтээлч санаачлагыг нь дэмжин ажилладаг байгаа. Сангийн сайн дурын ажилтны мэдээллийг  http://edufund.mn/intern холбоосоор аваарай. 

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас АНУ-ын 16 их сургууль, коллежиудад сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцуулах бөгөөд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://edufund.mn/usa-scholarship холбоосоор аваарай. 2020 оны намрын элсэлтийн бүртгэл 4 сарын 20 хүртэл явагдана.