ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ ТОП 5 УЛС

Финланд улсад их сургууль төлбөргүй байдаг

Эх сурвалж: www.studyinfinland.fi

Финланд улсын их сургуулиуд 2017 оны намрын элсэлтээс Бакалавр, Мастерын Англи хэл дээрх хөтөлбөрүүдээ төлбөртэй болгосон. Финландын албан ёсны хэл нь Финланд хэл бөгөөд хоёрдогч хэл нь Швед, хэрэв Финланд хэлээр суралцах бол их сургуулиуд үнэ төлбөргүй байна. Мөн гадаад оюутнуудад зориулсан маш олон тэтгэлэг Бакалавр, Мастерын хөтөлбөрүүдэд олгогддог. Докторын оюутнуудын хувьд илүү өндөр тэтгэлэг авахаас гадна амжиргааны зардлыг санхүүжүүлэх стипендтэй тэтгэлэг олгодог байна. 

Финланд улсад амьдрах нэг сарын амжиргааны зардал ойролцоогоор 700-900 евро байна.

Норвеги улсад их сургууль төлбөргүй байдаг

Эх сурвалж: www.studyinnorway.no

Норвегийн улсын их сургууль, коллежиуд нь гадаад оюутнуудыг оролцуулаад бүх оюутнуудаасаа сургалтын төлбөр авдаггүй. Энэхүү журам нь Бакалавр, Мастер, Докторын хөтөлбөрт суралцаж байгаа бүх оюутнуудад хамаатай. Гэхдээ оюутнууд семестер бүрд 300-600 крон төлнө. Зарим их сургууль, коллежиуд тусгай мэргэжлийн хөтөлбөрүүд дээрээ сургалтын төлбөр авдаг бөгөөд ихэвчлэн Мастерын түвшний сургалтууд байдаг байна. Харин хувийн их сургууль, коллежиудын бүх хөтөлбөр төлбөртэй байдаг гэдгийг санаарай. Гэсэн хэдий ч бусад орнуудтай харьцуулахад хамаагүй бага төлбөртэй байдаг. Мөн ихэнх оронд гадаад оюутнууд тухайн улсын оюутнуудаас илүү өндөр төлбөр төлдөг бол Норвегид яг ижил байдаг. 

Анхаарах зүйл нь Норвегид амжиргааны зардал маш өндөр байдаг. Жилдээ 90.000-100.000 крон буюу гучаад сая төгрөг болно.

Австри улсад их сургууль төлбөргүй байдаг

Эх сурвалж: www.studyinaustria.at

Гадаад оюутнууд Австри улсад сурахдаа семестрийн төлбөр 360-730 орчим евро болон эрүүл мэндийн даатгалын төлбөр төлдөг. Зарим тохиолдолд Австрийн улсын сургуулиуд манайх шиг хөгжиж буй орны иргэдэд семестрийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг хүртэл олгодог байна. Австри улсад амьдрах зардал сард ойролцоогоор 800 евро байдаг. Үүнд байр, хоол, бусад хэрэглээний зардлыг тооцсон болно.

Герман улсад их сургууль төлбөргүй байдаг

Эх сурвалж: www.study-in-germany.de

2014 оны 10 сараас Германы Baden-Württemberg мужаас бусад бүх мужийн их сургуулиуд Бакалавр, Мастерын хөтөлбөрийг үнэ төлбөргүй болгосон. Зарим холбооны мужуудад их сургуулиуд семестрийн төлбөр 50 евро , удирдлагын зардал 50 евро гэж авдаг байна. Энэ төлбөр ирээдүйд өөрчлөгдөж магадгүй тул сургуулийнхаа албан ёсны цахим хуудсаас тухай бүр мэдээллээ шинэчилж аваарай. Одоогоор Baden-Württemberg мужид олон улсын оюутнуудаас семестрийн 1500 евро авч байна.

Германд оюутнууд сард дунджаар 500-800 евроны зардлыг байр, хоол, тээвэр болон хэрэглээндээ зарцуулдаг байна.

Шведийн их сургуулиуд маш олон тооны тэтгэлэг олгодог

Эх сурвалж: www.studyinsweden.se

Шведийн их сургуулиуд Бакалавр, Мастерын түвшинд суралцах гадаад оюутнуудад сургалтын төлбөрийн хагас болон бүтэн тэтгэлгийг маш олон тоогоор олгодог. Докторын түвшинд суралцах олон улсын оюутнууд бүр цалинтай суралцдаг байна.