Төслийн удирдамж

ТӨСЛИЙН НЭР: АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын 21 аймагт хэрэгжинэ.

ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА: Олон Улсын Боловсрол Хөгжил сан

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Олон Улсын Боловсрол Хөгжил сан нь дэлхийн хөгжингүй орнуудад боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй оюутан залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг, санхүүжилт олоход туслалцаа үзүүлдэг байгууллага билээ. Тэдгээр тэтгэлгүүдийн үндсэн шаардлага нь тухайн сонгосон сургуулийнхаа элсэлтийн шаардлагыг хангаж, суралцуулах урилгыг хүлээн авсан байх, төгсөөд эх орондоо, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, манлайлагч оюутан байхыг шаарддаг. Манай ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд эдгээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хөгжингүй орнуудад мэдлэг боловсрол эзэмших боломж нээлттэй байдаг хэдий ч Англи хэлний мэдлэг дутмаг, мэдээлэлгүй байдлаас болоод маш их боломжийг алдаж байна. Иймд манай сангаас энэ оноос эхлэн АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ-ийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд бид Англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийн дунд Англи хэл сурахыг уриалсан видео бичлэгийн уралдаан зарлаж байгаа бөгөөд оролцсон бүх хүүхдүүдэд Англи хэлний анхан шатнаас ахисан шат хүртэлх онлайн сургалтын платформыг үнэ төлбөргүй ашиглах эрх олгох юм. Мөн хийсэн бичлэг нь цахим орчинд хүртээмжтэй тархаж, хамгийн олон Like&Share авсан хүүхдүүдийг өвлийн амралтаар нь Бээжин хотод сангийн зардлаар аялуулах болно. Цаашлаад IELTS, TOEFL-ийн шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг дэлхийн хөгжингүй оронд тэтгэлгээр боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх болно.

Дэлхийн интернэт мэдээллийн 70 орчим хувь болон дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд сургууль Англи хэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь Англи хэл дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд Англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ эрс өсч байна. Иймд ахлах ангийн сурагчдын Англи хэлний боловсролыг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл нь томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна.

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ҮЕ ШАТУУД

Төсөл нийт хоёр үе шаттайгаар хэрэгжинэ:

  1. Төсөлд оролцох ахлах ангийн сурагчдын видео бичлэгийг хүлээн авч шалгаруулах

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн www.edufund.mn цахим хаягаар албан ёсны бүртгэл явагдах бөгөөд уг төсөлд оролцох хүсэлтэй сурагчид доорх анкетыг бөглөж, танилцуулгаа илгээнэ.

Завхан, Увс, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Баянхонгор аймгийн сурагчдын танилцуулга, видео бичлэгийг 2019.09.01-2019.09.20 өдөр хүртэл хүлээн авна. 2019.09.21 өдөр сангийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар нийтэлж, 2019.09.30 өдрийн 23:00 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд Like&Share-ийг цуглуулж шалгаруулах болно.

Дорнод, Баян-Өлгий, Булган, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Ховд аймгийн аймгийн сурагчдын танилцуулга, видео бичлэгийг 2019.10.01-2019.10.20 өдөр хүртэл хүлээн авна. 2019.10.21 өдөр сангийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар нийтэлж, 2019.10.30 өдрийн 23:00 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд Like&Share-ийг цуглуулж шалгаруулах болно.

Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгийн аймгийн сурагчдын танилцуулга, видео бичлэгийг 2019.11.01-2019.11.20 өдөр хүртэл хүлээн авна. 2019.11.21 өдөр сангийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар нийтэлж, 2019.11.30 өдрийн 23:00 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд Like&Share-ийг цуглуулж шалгаруулах болно.

  1. Аймаг тус бүрээс 1 сурагчийг шалгаруулж, БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах аялалд оролцуулах

Англи хэл сурахыг уриалсан видео бичлэгийн уралдаанд бичлэгээ ирүүлсэн сурагчдаас аймаг тус бүрээс шилдэг 1 сурагчийг шалгаруулж, өвлийн амралтын үеэр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах 2 өдөр, 3 шөнийн аялалд оролцуулна.

Төслийн талаар тодруулга мэдээлэл авах бол сангийн 86101558, 89101558, 77071511 утсаар болон www.edufund.mn вэбсайтаар хандаарай.

Видео танилцуулга бэлтгэх заавар

Видео 2 минутаас хэтрэхгүй урттай байна. Оролцогч Англи хэл мэддэг, мэддэггүйгээс үл хамааран Англи хэл дээр өөрийгөө танилцуулж, үе тэнгийнхэндээ Англи хэл сурахыг уриалсан утга агуулга бүхий видео байна. Сурагчдын бүтээлч сэтгэхүйд ямар нэг хязгаар тавихгүй бөгөөд аль болох сонирхолтой, олон Like&Share авч чадахуйц видео байна. Доорх анкетыг бөглөсний дараа submit товчийг дарж илгээнэ. Видео бичлэгээ mp4 өргөтгөлөөр info@edufund.mn хаягаар ирүүлнэ. Бид зөвхөн анкет илгээсэн сурагчдын бүтээлийг уралдаанд оролцуулах болно.